вторник, 25 мая 2010 г.

Монгол гэрийн vvсэл хөгжил

 Танин мэдэхүйн клубын энэ хичээлийн жилийн хаалтын цугларалт дээр түүхийн ангийн 3-р курсын оюутан Х. Эрдэнэзаяагийн тавьсан "Монгол гэрийн үүсэл, хөгжил, Монгол гэр судлал" илтгэлээс толилуулж байна.


Монгол туургатны амьдран суух эсгий гэр манай орны байгаль газар зүйн нөхцөл хийгээд нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн төвшинтэй шууд уялдан үүсч түүхэн цаг хугацааны явцад хувьсан боловсронгуй болсоор 21-р зууныг хүрсэн. Эсгий гэр нь гадаад дотоодын олон судлаачдын сонирхлыг татан судалгааны бүтээл болсоор байна.
Монгол гэрийн талаар бичсэн анхны хятад сурвалжийн мэдээ нь МЭӨ 629 онд холбогдоно. Уг түүхэнд бичихдээ "Умард зүгийн Ди жун (хүннүгээс өмнө монгол аймгийг хятадууд ди жун гэж нэрэлдэг байсан.) нар лу чжан сууцанд суудаг"; гэжээ.

Лу чжан нь хөшиг майхан гэсэн утгатай үг юм. Хүннүгийн гэр сууцны тухай анхны мэдээ Цзя И-н "Шинэ бичиг" хэмээх сурвалжийн хэмээх сурвалжийн  МЭӨ 174 оны мэдээнд Хүн-лү гэж гардаг бол Сыма Цяны "Түүхэн тэмдэглэл"-д сюннү нар хун-лу сууцанд амьдардаг гэх зэргээр тэмдэглэгдсэн байна.
Туунчлэн МЭӨ 81 онд зохиогдсон хятадын түүхч Хуан Куны зохиолд хүннүгийн сууцыг хун-лу гээд бургас шүлжин эсгийгээр бүрдэг гэжээ. Хан улсын эзэн хаан Хүннүчүүдийн нэгэн газрыг гуйхад Учжулуй шаньюй хун-лу хийдэг модтой газар хэмээгээд өгөхөөс татгалзжээ гэж Хан улсын төрийн түүх «Цянь хан шу»д бичжээ. Үүнээс гадна хятадын Вэй, Тан, Сүн улсын төрийн түүхүүдэд гэрийн талаар бичин үлдээжээ. Эзэнт гүрний үед монголын их хаадуудад бараалхахаар ирсэн Францийн вангийн элч Плано Карпино, Ромын папын элч Гилиом де Рубрук, Марко Поло нарын аян замын тэмдэглэлд тухайн үеийн монголчуудийн ахуй соёлын талаар бичихдээ гэрийг онцгойлон дурьдсан байдаг. Эдгээрээс гадна археологийн мэдээ баримтанд тулгуурлан гэрийг судалсан нэг сэдэвт бүтээлүүд олон байдаг.
Үүсэл хөгжил. Нүүдэлчин ард түмний эдийн соёлын нэг үндсэн хэсэг болох орон сууцийг хэрэгцээ шаардлага , бүтэц хэв маягийн хувьд дотор нь байнга хэрэгцээний орон гэр ба түр хэрэгцээний гэж үндсэн 2 ангид хуваан авч үздэг. Байнга хэрэгцээний гэр сууцийг хийц гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн 2 ангилалд хамруулдаг. Монгол гэр нь 3000 жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрдэн . 13-р зуун эзэнт гүрний уе гэхэд нэршэл хэв загвар нь нэгэнт тогтон онцийн хувьсалгүй бидний үед иржээ.
Монгол гэрийн бүтэц. Гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн , нүүдэл хийхэд маш тохиромжтой хийгддэг. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно.
Хана. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ.Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Ханыг хииц байдлаар нь хулт хана, хурган хана, хатгуур хана , шонон хана гэж ангилдаг. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн ханатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш ханаасаа арай богино байна. Хананы толгойд нь унь өлгөх , дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан үзүүрлэсэн байдаг.
Хаалга. Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон аалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгийн онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэрд болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар самбартай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.
Тооно. Гэрийн зай багтаамжийг ихэсгэх, гэрэл гэгээ орох, гэрийн модный бутэц, тогтолцоо зэргийг тогтооход тооно чухал уурэгтэй. Тооныг сархинаг тооно, цамхраа тооно, хорол тооно гэж ангилхаас гадна хийх арга барилаар нь матмал, зуймэл гэж ялгадаг. Монгол айл гэрээ буулган нутаг сэлгэн нуухдээ тооноо нуудлийн ачааны нэгдэх тэмээнд тэгнэн ачдаг уламжлалтай.
Унь. Гэрийн яс модны ундсэн хэсэг унь юм. Монголуудын дунд шулуун болон махир гэсэн 2 янзын унь уламжлагдан иржээ. Зүүн урагш хандуулан барьсан дөрвөн ханатай (тотгон дээрээ дөрвөн уньтай), 60 уньтай гэрийн хоёр унины хоорондох зай зургаан хэмийн өнцөгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг тохирдог гэж эрдэмтэд үздэг.
Багана. Гэрийн тооно тэгш байх болон байгалийн шуурганаас болж гэр хазайх унахаас хамгаалж баганыг ашигладаг.
Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Гэрийн хананы толгой, унь, тоононы хүрээнд гаргасан нүх бүрийг 60 жилийн нэрээр нэрлэж, гэрийг дөрвөн зүг, найман зовхисоор тэнцүү хэсэгт хуваан, цагийн зүүний эргэлтийн дагуу хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 12 цагаар тэмдэглэдэг. Энэ мэтээр малчин Монголчууд нар, сар, од гаригийн үзэгдлийн зүй тогтлын талаар хуримтлуулсан туршлагаа орон сууцандаа тусгажээ.
Гэрийн тоононы углуургын тэнхлэгийн хоорондох зай тогтмол байх учраас бариастай гэрийн хананы толгойны хоорондох зай, толгойны тэнхлэгийн хоорондох нумны урт, түүнд харьцангуй тогтмол байдаг байна. Ер нь гэрийн голчийг тоононы голчид, унины уртыг тоононы радиуст, баганы өндрийг хаалганы өндөрт харьцуулсан харьцаагаар гэрийн хэлбэрийг зохицуулдаг.
Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй , хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс унины цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлийг бүрдүүлдэг онцлогтой.

Комментариев нет:

Отправить комментарий