Ерөнхий зүйл
Оросын Холбооны Улс (ОХУ) нь 17 сая 75,2 мянган хавтгай км нутагтай, 2009 оны 7 дугаар сарын байдлаар 141,887 сая хүн амтай, үүнээс 73 % нь хот суурин газарт, 27 % нь хөдөө орон нутагт амьдардаг, 79,8 % буюу 116 сая орос, 5,5 сая татар, 2,9 сая украин, 1,6 сая башкир, 1,3 сая чечен, 1,1 сая армян үндэстэн байдаг бөгөөд нийт 100 орчим үндэстэн аж төрдөг. Хуурай замаар 15 улстай хиллэдэг. Төрийн хэл нь орос, үнэн алдарт, католик, лал, иудаизм, буддын шашинтай.
Нийслэл Москва хот 10 514 400 хүн амтай /2009 оны 3 дугаар сарын байдлаар/. ОХУ нь Засаг захиргааны хувьд 21 бүгд найрамдах улс, 9 хязгаар, 46 муж, 1 автономит муж, 4 автономит тойрог, холбооны чанартай хоёр хоттой бөгөөд эдгээр нь Холбооны 7 тойрогт хуваагддаг байна. Цаашид зарим субъектуудыг нийлүүлэх явдал үргэлжлэх хандлагатай байна. 1991 оны 8 дугаар сард ОХУ тусгаар тогтносон улс болсон. Үндэсний баяр – Тусгаар тогтнолын өдөр 6 дугаар сарын 12.
ОХУ-ын төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч бөгөөд анхны Ерөнхийлөгч нь Б.Н.Ельцин 1991, 1996 онд тус албан тушаалд сонгогдож, 1999 оны 12 дугаар сард өөрийн саналаар албан тушаалаасаа огцорсон. 2000, 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар В.В.Путин сонгогдож байсан. 2008 оны 3 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.А.Медведев сонгогдсон.
ОХУ-ын Парламент буюу Холбооны хурал нь 450 гишүүн бүхий Төрийн Дум, субъект бүрээс 2 төлөөлөгч бүхий Холбооны Зөвлөл (одоогийн байдлаар 178 гишүүнтэй) гэсэн 2 танхимаас бүрддэг.
Улс төрийн дотоод байдал
ОХУ-ын Төрийн Думын 5 дахь удаагийн сонгууль 2007 оны 12 дугаар сард болж “Нэгдсэн Орос” нам Төрийн Думд 315 суудал,
“Оросын Холбооны Улсын Коммунист нам” – 57 суудал,
“Оросын либерал-ардчилсан нам” – 40 суудал,
“Шудрага Орос” нам – 38 суудал тус тус авсан байна.
“Нэгдсэн Орос” нам нь 1 400 000 гишүүнтэй, 2700 орон нутгийн салбартай, 50 000 анхан шатны салбартай, ОХУ-д хамгийн том намын байгууллага юм. Тус намын удирдлагын доор иргэдийг хүлээн авах 2000 цэг ажилладаг бөгөөд орон нутгийн салбарын ажилтнууд нь тухайн газрын засаг захиргаатай хамтран ажиллаж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэдэг байна.
2008 оны 4 дүгээр сард “Нэгдсэн Орос” намын IX их хурал болж, В.В.Путинд намын дарга болохыг санал болгож тэрээр тус намыг тэргүүлэх болов.
Намын даргын бүрэн эрх маш өргөн бөгөөд намын жанжин шугамыг тодорхойлон хэрэгжүүлэх боломжтой гэж тус намынхан үзэж байна. Тэрээр улс төрийн удирдлагыг хэрэгжүүлж, ерөнхий зөвлөл, төв гүйцэтгэх хорооны үйл ажиллагааг зохицуулж, бүс нутгийн боловсон хүчний талаар шийдвэр гаргаж, ямар ч асуудлаар хориг тавих эрхтэй байх ажээ.
“Нэгдсэн Орос” намын даргын албан тушаал бий болгох талаар холбогдох өөрчлөлтийг намынхаа дүрэмд санал нэгтэйгээр оруулсан байна. Намын дээд зөвлөлийн даргын суудал Б.В.Грызловт үлдсэн. Намын дүрэмд намын дарга нам бус хүн байж болно гэж заасан тул В.В.Путин элсээгүй. Хоёр дарга нь 4 жилээр сонгогдоно.
2008 оны 11 дүгээр сард болсон “Нэгдсэн Орос” намын Х их хурлаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн хугацааг 6 жил, Төрийн Думын гишүүний хугацааг 5 жил болгох санал дэвшүүлж, улмаар бүх нийтээр хэлэлцэн Холбооны Хурлаар баталж улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч ирэх сонгуулийн дараах үеэс мөрдөхөөр баталсан.
“Нэгдсэн Орос” намын мөнхийн өрсөлдөгч бол Оросын Холбооны Улсын Коммунист нам /ОХУКН/ гэж үздэг. ОХУ-ын КН, ЗХУКН-ын гишүүд, анхан шатны байгууллагуудын санаачлагаар байгуулагдсан бөгөөд марксизм-ленинизмын үзэл санааг бүтээлчээр хөгжүүлж, хамт олонч үзэл, эрх чөлөө, тэгш эрх дээр үндэслэсэн социалист нийгэм, Зөвлөлүүдийн хэлбэрт жинхэнэ ардын эрхт төр байгуулж, олон үндэстний холбооны улсаа бэхжүүлэх зорилготой гэж тунхагласан тус нам нь 180 000 гишүүнтэй, 130 орчим бүс нутагт өөрийн салбартай.
Улс төрийн бас нэгэн нөлөө бүхий хүчин бол байгуулагдаад 17 жил болж байгаа, төв үзэл баримтлалтай Оросын Либерал–ардчилсан нам юм. Намын баримт бичигт тэмдэглэснээр, ОЛАН нь нийгмээ чөлөөтэй хөгжүүлье гэсэн ардчилсан үзэлтэн -эх орончдын нам юм. Бид эрх чөлөөний төлөө байна, гэхдээ эрх чөлөө анархи болох ёсгүй. Гартаа зэвсэг бариад буудахыг зарим нь эрх чөлөө гэдэг, гэвч тийм чөлөөтэй байдал нь олон хүний аминд хүрдэг гэжээ.
Сөрөг хүчний туршлагатай нам гэгддэг ОЛАН “Оросын ард түмэн бол Орос орон дахь тэргүүлэгч болоод үндсэн ард түмэн. Зөвхөн хүн амын тоогоороо ч биш түүх, соёл, эдийн засагт оруулсан хувь нэмрээрээ ингэж нэрлэгдэх ёстой ард түмэн. Орос улс байхгүй бол татарууд ч байхгүй, удмуртууд ч байхгүй, якутууд ч байхгүй” гэсэн үзэлтэй. Төрийн захиргааны байгууллагууд өөрийнхөө үйл ажиллагаанд хаант засгийн, зөвлөлтийн үеийн, ардчилсан ёс тогтох үеийн түүхэн туршлагад тулгуурлан ажиллах ёстой гэж үзэх бөгөөд нийгмийн эрх зүйт, либерал-ардчилсан нэгдсэн улсыг эмхлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн тунхаглажээ.
2006 онд байгуулагдсан “Шудрага Орос” нам нь харьцангуй залуу улс төрийн хүчин юм. Намын дарга С. Миронов:”Бид шинэ социализмын төлөө байна” гээд “социалист үзэл санаа хүмүүсийн зөвхөн эдийн засгийн бус соёлын эрмэлзлэлээр дэмжигдсэн юм. Шинэ социализмын гол зорилго нь Оросын олон үндэстний хүн амын өсөлтийг дээшлүүлж, улс орны орон нутгийн суурьшлыг шигүү болгоход оршино” гэжээ.
Сонгуульд оролцсон улс төрийн бусад 7 нам 2,30% - 0,13 %-ийн санал авч Парламентад суудал авч чадаагүй.
“Барууны хүчний эвсэл” намын Холбооны улс төрийн зөвлөлийн дарга Н.Ю.Белых Төрийн Думын сонгуульд нам нь амжилтгүй оролцосны хариуцлагыг өөрөө хүлээхээ мэдэгдэж намын удирдагчаас сайн дураар огцорсон. (“Барууны хүчний эвсэл” нам нь либерал чиг бодлогыг баримтлагчдын нам. 2001 онд “Оросын ардчилсан сонголт” намын санаачлагаар “Шинэ хүч” хөдөлгөөн, “Залуу Орос” хөдөлгөөн, “Хуульчид эрх зүй, хүний нэр төртэй амьдралын төлөө” байгууллага, “Ардчилсан Орос” нам, “Оросын татвар төлөгчид” байгууллага, “Шинэ үеийн хөдөлгөөн” болон “Оросын дуу хоолой”, “Нийтийн хэрэг” олон нийтийн хөдөлгөөн нийлж байгуулагдсан).
Улмаар 2008 оны 11 дүгээр сард “Барууны хүчний эвсэл” нам ээлжит бус их хурлаараа өөрөө тарах шийдвэр гаргасан.
Төрийн Думын бүрэлдэхүүний 64 хувь нь шинэчлэгдсэн байна. Монгол Улсын Улсын Их Хурлын “Монгол-Орос” парламентын бүлэгтэй харилцаатай ажилладаг парламентын группт В.Г.Малеев /дарга нь/, И.Б.Богуславский, В.П.Войтенко, И.И.Гильмутдинов, Р.И.Гималов, В.В.Копылов, С.Г.Левченко, В.Э.Матханов, С.Т.Пекпеев, В.В. Черкесова нар орсон.
ОХУ-ын Засгийн газрын даргаар 2008 оны 5 дугаар сард В.В.Путин томилогдсон. Тус Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга нь В.А.Зубков,И.И.Шувалов, орлогч дарга нь А.Д.Жуков, С.Б.Иванов, Д.Н.Козак, А.Н.Кудрин, И.И.Сечин, С.С.Собянин, Соёлын сайд А.А.Авдеев, Бүс нутгийн хөгжлийн сайд В.Ф.Басаргин, Эрүүлийг хамгаалах, нийгмийн хөгжлийн сайд Т.А.Голикова, Хөдөө аж ахуйн сайд Е.Б.Скрынник , Хууль зүйн сайд А.В.Коновалов, Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Тээврийн сайд И.Е.Левитин, Спорт, жуулчлал, залуучуудын бодлогын сайд В.Л.Мутко, Эдийн засгийн хөгжлийн сайд Э.С.Набиуллина, Дотоод хэргийн сайд Р.Г.Нургалиев, Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков, Байгалийн нөөцийн сайд Ю.П.Трутнев, Боловсрол, шинжлэх ухааны сайд А.А.Фурсенко, Аж үйлдвэр худалдааны сайд В.Б.Христенко, Эрчим хүчний сайд С.И.Шматко, Иргэний хамгаалал, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаварыг арилгах ажил хариуцсан сайд С.К.Шойгу, Холбоо болон олон нийтийн харилцааны сайд И.О.Щёголев.
Нийгэм-эдийн засгийн байдал
Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ОХУ-ын 2008 оны нийгэм-эдийн засгийн зарим үзүүлэлтүүд буурч Орос оронд хямрал нилээд хүндээр тусч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд эрдэмтэд, судлаачид бичиж, хямралтай тэмцэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг төр засагт анхааруулж байна.
2008 онд ОХУ-ын ДНБ-ний өсөлт 8 хувь байхаар төлөвлөсөн боловч энэ нь буурч 7 хувь болохоор байна. Инфляц 13 хувь болж, хүнсний гол нэрийн барааны үнэ тогтмол өсч эхний 10 сарын байдлаар үнийн доод хэмжээ оны эхнээс 16.2 хувиар өсжээ. Харин цалин хөлсний өсөлт 12.6 хувь байгаа нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж 11 сарын байдлаар 1.7 сая иргэн ажилгүй байгаа тухай статистикийн мэдээнд бүртгэгджээ. 2008 оны 11 дүгээр сарын байдлаар тус улсын хэмжэнд цалингийн өр 4 тэрбум рубльд хүрээд байна. Түүнчлэн 11 дүгээр сарын 13-ны байдлаар ОХУ-ын 3079 компаний 88 аж ахуй, үйлчилгээний нэгжээс ойролцоогоор 99 мянган хүнийг цомхотгохоо мэдэгдээд байгаа ажээ.
Эдийн засагт гарч байгаа бас нэг сөрөг үзэгдэл бол Орост үнэт цаасны арилжааны үнийн уналтын үзүүлэлт /индекс/ Европын орнуудтай харьцуулахад хамгийн өндөр байгаа явдал юм. Энэхүү үзүүлэлт нь Англид 25.97%, Германд 30.41%, Францад 28.51%, Испанид 27.72%, Италид 31.16%, Шведэд 30%, Австрид 51.17%, Польшид 34.24% байхад ОХУ-д 57 хувь байна. Түүнчлэн Европын Холбооны Улсад энэ оны эхний 10 сард хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар 3.7% өссөн байхад ОХУ-д 16.2 % байна.
Дэлхийн зах зээл дэх эдийн засгийн хямралын нөлөө ОХУ-ын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бөгөөд орон нутгийн барилга, хөдөө аж ахуйн салбарын болон худалдааны зарим сүлжээ дампуурах нь эргэлзээгүй байна гэж шинэжээчид үзэж байна. Түүнчлэн 2008 оны инфляцийн хэмжээг 14% хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд 2009 онд энэ хэмжээ 20%-д хүрнэ гэж тодорхойлж байна.
Эндээс үзэхэд ОХУ-ын эдийн засагт хямрал нүүрлээд байна гэж хэлж болохоор байна.
ОХУ-ын төр, засгаас хямрал гэдэг нэр томъёог хэрэглэхээс аль болох татгалзаж ард иргэдээ хямралд автуулахгүй байх талаар бүх арга хэмжээ авч байгаа тухайгаа танилцуулж эрчимтэй ажиллаж байгаа нь ажиглагдаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн зарлигаар 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зөвлөл байгуулав. Тус зөвлөл нь санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах; санхүүгийн салбарт санхүүгийн хямралыг арилгах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчид санал бэлтгэж, боловсруулах; санхүүгийн хямралаас сэргийлэх дүн шинжилгээний болон тогтвортой байдлыг бий болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг асуудлыг хариуцаж ажиллах ажээ.
Уг Зөвлөл 12 гишүүнтэй бөгөөд ОХУ-ын Засгийн газрын даргын нэгдүгээр орлогч И.Шувалов тэргүүлдэг юм. Бүрэлдэхүүнд нь ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, Сангийн сайд А.Кудрин, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Э.Набиуллина, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах А.Дворкович, Төв Банкны дарга С.Игнатьев, ОХУ-ын Аюулгүй байдлын албаны дарга А.Бортников, Дотоод хэргийн сайд Р.Нургалиев, ОХУ-ын Арбитрийн Дээд шүүхийн тэргүүн А.Иванов, сенатор Д.Аваньев, Төрийн Думын депутат В.Резник, Холбооны даатгалын хяналтын албаны дарга И.Румянцев зэрэг өндөр албаны хүмүүс багтаж байгаа бөгөөд тус Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ОХУ-ын Холбооны санхүүгийн зах зээлийн албаны тэргүүн В.Миловидов ажиллаж байна. Энэхүү Зөвлөл нь ОХУ-ын санхүүгийн зах зээлд төрөөс баримталж буй бодлогыг боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа бөгөөд эдийн засгийн хямралын үеэр санхүүгийн зах зээлийг тогтворжуулахын тулд зөвлөлдөх шугамаар аливаа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд өндөр албан тушаалтнуудын авч байгаа арга хэмжээг хэр үр өгөөжтэй байгааг дүгнэх боломжтой болох юм байна.
ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Засгийн газрын шуурхай асуудлын комиссыг байгуулж, эдийн засгийн удирдлагын асуудлыг гардан удирдаж ажиллахыг үүрэг болгосон байна. Тус комисс нь зах зээл дэх хямралтай тэмцэх хөрөнгийн хуварилалтын дийлэнх хэсгийг захиран зарцуулах ажээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-ны байдлаар хямралтай тэмцэхэд зориулан төрөөс 450 тэрбум рублийг дахин хуваарилсан байна. Үүний үр дүнд 2009 оны төсвийн зарлагын дүн 30 тэрбум рубль болж байгаа ба урьдчилсан тооцоогоор ойрын гурван жилд төсвийн ерөнхий зарлага 187,5 тэрбум болно гэж Сангийн яамны баримт материалд тэмдэглэсэн байна.
Дэлхийн зах зээл дэх эдийн засгийн хямралын нөлөөгөөр ОХУ-ын эдийн засагт нөлөөлж буй санхүүгийн хямралыг нөлөө багатай даван туулах талаар ОХУ-ын төр, засгаас эрчимтэй арга хэмжээ авч байна.
Нэгдүгээрт, гадаадаас зээл авсан Оросын нефть, хийн томоохон 4 компанийг дахин санхүүжүүлэхэд 50 тэрбум хүртэл долларыг хуваарилах; хоёрдугаарт, тэргүүн ээлжинд төлүүлэх болзолтой /субординированный кредит/ 950 тэрбум рублийн зээлийг 10 жилийн хугацаатай олгох; гуравдугаарт, өндөр рейтингтэй, найдвартай банкууд Төв банкнаас хагас жилийн хугацаатай зээл авах; дөрөвдүгээрт, банк хоорондын зээллэгийг дэмжих, банк хоорондын зээллэгийн эрсдэлийн хэсгийг Төв банк хариуцах; тавдугаарт, ОХУ-ын Төрийн Дум энэ долоо хоногт Төсвийн тухай хуульд засвар оруулж Гадаад эдийн засгийн банк /ВЭБ/-ны хөрөнгийг оны эцэс хүртэл 75 тэрбум рубль болгон нэмэгдүүлэх, энэ хөрөнгөөр Оросын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас худалдан авах болон гэрээ, хэлцлийн даатгалд ашиглах юм.
ОХУ-ын Холбооны Зөвлөл хямралтай тэмцэх, эдийн засгийн тогтворжилтыг хадгалах зорилгоор Холбооны багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Үүнд: “ОХУ-ын 2008 оны Холбооны төсөвт болон 2009, 2010 онуудын төлөвлөгөөний үе шатуудад өөрчлөлт оруулах тухай” хууль; “ОХУ-ын санхүүгийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нэмэлт арга хэмжээний тухай” хууль ; “ОХУ-ын Банкны тухай хууль; ОХУ-ын банкан дахь хувийн хадгаламж эзэмшигчдийн даатгалын тухай” хууль тус тус багтаж байна.
ОХУ-ын Засгийн газар нийгмийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд хүн амыг орон сууцаар хангах, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, цалин, өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх дэс дараатай арга хэмжээ авч байна.
Эрхэлсэн ажилгүй иргэдэд 2007 оноос олгох ажилгүйн тэтгэлгийн доод хэмжээг 720, дээд хэмжээг 2880 рублээр тогтоолоо.
Хурц асуудлын нэг бол ядуурал байгаа. 2000 онд хүн амын 30 хувь нь амьжиргааны доод түвшинд байна гэж үзэж байлаа. 2005 онд 17,7 хувь, 2006 онд 15,3 хувь, 2007 онд 14 хүрэхгүй хувь болсон. Ажилгүйдэл багасч ажилгүйчүүдийн тоо 4,3 сая боллоо. Гэвч сүүлийн үед 2008 оны шувтрагагаас дэлхийн эдийн засгийн хямралтай холбогдон ажилгүйдэл өсөх хандлагатай байна.
ОХУ-ын гадаад бодлого
2008 оны 7 дугаар сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Оросын гадаад бодлогын шинэ үзэл баримтлалыг баталсан бөгөөд түүндээ олон улсын харилцаанд хамтач, эрх зүйн зарчмыг бэхжүүлэх, дэлхийн олон төвт дэг журмыг бэхжүүлэх, прагматизмыг баримтлах, үндэсний ашиг сонирхлоо хатуу боловч үл сөргөлдөх замаар хамгаалан хэрэгжүүлэх, олон туйлт бодлого явуулах, оросын иргэдийг олон улсын эрх зүйн дагуу хамгаалах, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд оросын бизнесыг дэмжих чиг бодлогуудаа тодорхойлсон.
2008 он ОХУ-ын хувьд олон улсын томоохон үйл явдлаар дүүрэн он болсон. Тус улсын ГХЯ шинэ геополитикийн нөхцөл байдал бий боллоо гэж үзэж байна. Кавказын хямралаас болоод ОХУ, Европын Холбооны хоорондын практик харилцаа холбоо бэхжиж, НАТО-той харилцаа хурцдав.
ОХУ-ын үзэж байгаагаар Европ-Атлантикийн бодлогод өөрчлөлт гарч Европын Холбооны үүрэг роль бэхжиж, НАТО-гийн байр суурь суларсан байна. Кавказад болсон хэрэг явдалтай холбогдуулаад ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Европын аюулгүй байдлын гэрээ байгуулах тухай санал дэвшүүлж Эвианд мөн Ниццад болсон ОХУ-Европын Холбооны саммитын үеэр түүнийгээ тодруулав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Б.Обамагийн тухай ярихдаа АНУ-тай урьд байснаас илүү үр нөлөөтэй, илүү найдвартай харилцаа тогтооно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Түүний үндэс суурь нь В.В.Путин, Ж.Буш нарын Сочид гарын үсэг зурсан Орос-Америкийн харилцааны стратегийн хүрээний тухай тунхаглал, 2008 оны 11 дүгээр сарын 15-нд Вашингтонд болсон Олон улсын харилцааны зөвлөлгөөн дээр Ерөнхийлөгч Д.А.Медведевийн хэлсэн үг юм.
Олон талт дипломатын үйл ажиллагаанд НҮБ гол үүрэгтэй гэж үзэн энэхүү байгууллагын ажлын үр дүнг нэмэгдүүлэх, цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор хийгдэж буй НҮБ-ын өөрчлөлт шинэчлэлийг ОХУ дэмжиж байна. ОХУ олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан олон туйлт дэг журам тогтоох, олон улсын харилцааны нөлөө бүхий нэг төв болоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна. НҮБ болон олон улсын бусад байгууллага, бүсийн байгууллагуудын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. ОХУ нь НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний статусаа ашиглан НҮБ-ын Дүрмийн хүрээнд дэлхийн бүс нутгуудад аюулгүй байдлыг улс төрийн аргаар хангахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулах, АЗ-ийг өргөтгөх асуудлаар юуны түрүүнд тус байгууллагыг ажлын өндөр чадавхитай цомхон бүтэцтэй болгох, хөгжиж буй улс орнуудыг үйл ажиллагаанд нь оролцуулах замаар НҮБ-ын нэр хүнд, нөлөөг нь дээшлүүлэх байр суурь баримталж байна.
ОХУ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, одоогийн байдлаар Оросын энхийг сахиулах хүчин НҮБ-ын энхийг сахиулах 19 ажиллагааны 13-д нь оролцож байгаа хэдий ч энхийг сахиулах хүчнийхээ хэмжээгээр 40 дүгээр байр эзэлж, энхийг сахиулах хөрөнгийн сангийн 1,4 хувийг бүрдүүлж байгаа нь хангалтгүй гэж үзэж байгаа юм байна. Иймд ОХУ-ын нөлөө, байр суурьд нийцүүлэн цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх төлөвтэй байна.
ОХУ нь “Их 8”-ын бүлгийн гишүүний хувьд дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлуудыг санаачлан тавьж, дээд хэмжээний уулзалтуудаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байгаа нь тус улсын стратегийн бодлого, дэлхийн эдийн засгийн интеграцчлалын үйл явцад ОХУ-ыг хамруулах, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах, түүний ардчилсан институцийг бэхжүүлэх зорилготой нийцэж байгаа болно. Тухайлбал, эрчим хүчний аюулгүй байдал, терроризм, кибер орон зайнд үйлдсэн террорист үйл ажиллагаа, терроризмын эсрэг төр, бизнесийн түншлэл байгуулах механизм бий болгох, хуурамч эмийн тархалтыг зогсоох, буурай хөгжилтэй орнуудад туслах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудад түлхүү анхаарч байна. Буурай хөгжилтэй орнуудын талаарх “Их 8”-ын бүлгийн хөтөлбөрийн хүрээнд тэдгээрийн өрийг цайруулах арга хэмжээ авсан. Бүлгийн хүрээг тэлэх, тухайлбал Хятад, Энэтхэг зэрэг орнуудыг үйл ажиллагаанд нь хамруулах байр суурьтай байгаа.
ОХУ зэвсэг хураах, зэвсэглэлийг хянах, үй олноор хөнөөгч зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. БНАСАУ,Ираны цөмийн хөтөлбөр, пуужингийн довтолгооноос хамгаалах тогтолцоо, Европ дахь ердийн зэвсэглэлийн тухай гэрээ зэрэг асуудлаар яриа хэлэлцээ явуулж, өөрийн байр суурийг ойлгуулах,харилцан буулт хийж эв зүйгээр зохицуулах байр суурьтай байна. Ираны цөмийн асуудлаар ОХУ хүлээцтэй хандаж түүний эсрэг хүч хэрэглэхийг эсэргүүцэж ирсэн ба Ираныг МАГАТЭ-тай хамтран ажиллахыг уриалж байгаа.
Пүүжингийн довтолгооноос хамгаалах тогтолцоог ОХУ-ыг тойрон Зүүн Европ, АНД-н зарим оронд байрлуулах, сансарт пуужин байрлуулах АНУ-ын төлөвлөгөө нь ОХУ-д шууд аюул занал учруулах, зэвсгээр хөөцөлдөх шинэ үе шат нээх уршигтай гэж үзэж өөрийн байр суурийг бусад улс орноор дэмжүүлэх бодлого явуулж байна. Европ дахь ердийн зэвсэглэлийн тухай гэрээг НАТО-гийн бүх гишүүн орон соёрхон батлах хүртэл Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн болно.
Ойрхи болон Дундад Дорнодын сөргөлдөөнийг улс төр, дипломатын аргаар шийдвэрлэх нь цорын ганц зөв зам хэмээн үзэж Ойрхи Дорнодын асуудлыг цогцоор нь хэлэлцэх үүднээс олон улсын бага хурал хуралдуулах саналаа хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Палестины Хамас, ФАТХ бүлгүүдийг эвлэрүүлэх оролдлого хийж байна. Ирак дахь байдал иргэний дайнд хүргэж болзошгүй гэж Оросын тал дүгнэж байгаа бөгөөд Ирак дахь олон үндэстнүүдийн эвслийн цэрэг болон Иракийн Засгийн газар тус улсын ихэнхи нутаг дэвсгэрийг өөрийн хяналтанд байлгаж,аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа тул Иракийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх үүднээс юуны өмнө дотоод улс төрийн болон шашны хүчнүүдийн хооронд ойлголцол бий болгох, улс орны цаашдын хөгжлийн чигийн талаар Иракийн нийгэм зөвшилцөлд хүрэх шаардлагатай бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг нь ийм нөхцөл байдлыг Иракт бий болгох талаар хүчээ нэгтгэн ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.
Косово-гийн асуудлаар оролцогч бүх талын эрх ашгийг харгалзах үндсэн дээр эв зүйгээр зохицуулах шаардлагатай гэж үзэж Косово-д тусгаар тогтнол олгох талаар НҮБ-ын ЕНБД-ын тусгай төлөөлөгч М.Ахтисааригийн санал болгосон төлөвлөгөөг ОХУ эсэргүүцэж байгаа бөгөөд энэ асуудлаар НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлсэн тогтоолд хориг тавьсан болно.
ОХУ-ын бие даасан гадаад бодлого нь өрнөдийн орнуудын таалалд нийцэхгүй байгаа бөгөөд АНУ болон Европын зарим оронтой түүний хоёр талын харилцаа хурцдаж байна. 2007 онд Мюнхенд болсон олон улсын бага хурал дээр тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан В.В.Путин АНУ болон өрнөдийн орнуудыг илт шүүмжилсэн үг хэлснийг “хүйтэн дайны” шинэ үе эхэллээ хэмээн барууны хэвлэлд бичиж байсан. 2007 оны долдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн ажлын айлчлалын үр дүнд хоёр орны харилцааны уур амьсгал ерөнхийдөө сайжирсан боловч олон асуудлаар байр суурь нь сөргөлдсөн хэвээр байгаа болно. ОХУ, АНУ-тай Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээний /СНВ1/ хугацаа дуусгавар болох үед энэ чиглэлээр цаашид ч хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хоёр орны эдийн засгийн хүч чадавхийг ашиглан худалдаа, эдийн засгийн харилцааг бодитойгоор нэмэгдүүлэх, нарийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна.
ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох ТУХН-ийн орнуудтай харилцах харилцаан ч элдэв маргаан, бэрхшээл гарсаар байгаа. ОХУ өөрийн хилийн дагуу найрсаг харилцаатай, тогтвортой, ардчилсан, хөгжин цэцэглэсэн улс орнууд байлгах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ТУХН-ийн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхдээ уламжлалт улс төрийн найрсаг харилцаагаа хадгалан үлдээж, эдийн засгийн харилцаанд гол анхаарлаа хандуулах болж байна.Эрчим хүч тээгч түүхий эдийн экспортын үнийг аажмаар нэмэх замаар ТУХН-ийн орнуудтай зах зээлийн харилцаа тогтоож, худалдаа, эдийн засгийн харилцааг улс төржүүлэхгүй байх бодлого баримталж байна.
ТУХН-ийн орон зайд интеграцчлалын үйл явц удаашралттай, харьцангүй сул байгааг тэмдэглэн хамтын нийгэмлэгийг шинэчлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч байна. Зургадугаар сард болсон Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүн нарын албан бус уулзалт болж, шинэчлэлийн гол чиглэлүүдийг гишүүн орнууд зарчмын хувьд хүлээн зөвшөөрчээ. ЕврАзЭС эдийн засгийн интеграцчлалын гол цөм нь болж, энэ хүрээнд Эдийн засгийн нэгдсэн орон зай бий болгох, нэгдсэн зах зээлтэй болох, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг ХАБГБ-ын хүрээнд хөгжүүлэх, ХАБГБ, НАТО-гийн хооронд хамтын ажиллагаа тогтоох чиглэлээр ажиллаж байгаа болно.
ОХУ-аас Украинд экспортлох байгалийн хийн үнийн асуудлаар болсон маргаан хоёр орны харилцаанд сөрөг уур амьсгал бий болгов.
ОХУ,Гүржийн харилцаа 2008 оны 8 дугаар сарын Кавказад болсон хэрэг явдал, түүний дараа ОХУ нь Өмнөд Осети, Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон зэргээс үүдэн хурцадмал байдалтай байна.
ОХУ нь Азербайжан, Казахстантай стратегийн түншлэлийн харилцаа, Арменитай холбоотны харилцаа, Узбекистантай стратегийн холбоотны харилцаа, Киргиз, Тажикистан, Туркменистантай уламжлалт найрсаг харилцаа хөгжүүлж байна. Молдав Улстай хоёр талын харилцаа хэвийн болох хандлагатай байна.
Европын Холбоо нь ОХУ-ын Европ дахь гол түнш нь болж байна. ОХУ, ЕХ-ны дээд хэмжээний уулзалт Самара хотноо болж, хамтын ажиллагааг өмнө нь тохиролцсон 4 чиглэлээр, тухайлбал эдийн засаг; эрх чөлөө, аюулгүй байдал, шудрага ёс; гадаад аюулгүй байдал; шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт үргэлжлэн хөгжүүлэхээр тохиролцов. ЕХ-ноос ОХУ-ыг Эрчим хүчний хартийг б батламжлах талаар шаардлага тавьж байгаа боловч одоогийн байдлаар энэхүү Хартийн агуулга Оросын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа тул нэгдэн орох боломжгүй гэсэн байр суурьтай байна. Балтын орнуудад амьдарч буй орос иргэдийн эрх ашиг, ОХУ, ЕХ-ын хооронд визгүй зорчих зэрэг асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй болно.
ОХУ, НАТО-гийн зөвлөлийн ээлжит хуралдаан энэ онд болов. ОХУ, НАТО-гийн хооронд зөрчилдөөнтэй олон асуудал байгаа ч терроризмын эсрэг тэмцэл, бүс нутгийн мөргөлдөөн, техникийн болон байгаль орчны гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх салбарт сонирхол нийлж, хамтран ажиллах боломжийг ашиглаж байна. Гэвч Украин, Гүрж Улсыг түргэвчилсэн байдлаар НАТО-гийн гишүүн болгох, Румын, Болгарт цэргийн бааз байгуулах замаар цэргийн дэд бүтцийг Оросын хил рүү улам ойртуулах бодлого, Ердийн зэвсэглэлийн тухай гэрээ зэрэг асуудлууд ОХУ, НАТО-гийн харилцаанд саад бэрхшээл учруулж байна.
ОХУ Ази, Номхон далайн бүс нутагт ихээхэн ач холбогдол өгч,тус бүс нутгийг дэлхийн эдийн засгийн хөгжлийн “зүтгүүр” гэж тодорхойлж, өөрийн улс орны эдийн засгийг энэ зүгт хандуулах, ялангуяа Сибирь, Алс Дорнодын бүс нутгийг хурдацтай хөгжүүлж, улмаар АНДБН-ийн интеграцчлалын үйл явцад идэвхтэй оролцох бодлогыг хэрэгжүүлж байна. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт /АПЕК/-ийн дээд хэмжээний хурлыг 2012 онд Владивосток хотноо зохион явуулахаар ажиллаж байна.
ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирлээ. Ерөнхийлөгч Д.А.Медведевийн БНХАУ, Бразили, Энэтхэгт хийсэн айлчлал нь дэлхий эдийн засгийн өсөлтийн шинэ шинэ төвүүд бий болгоход түлхэц өгсөн үйл явдал болсон, 2008 оны 11 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Перу, Бразили, Венесуэл, Кубад хийсэн айлчлал нь ОХУ Латин Америк болон Карибын ай савын бүс нутагт эргэн ирж байгааг нотлон харуулж байна гэж оросын шинжээчид бичиж байна.
ОХУ Африк, арабын орнуудад байр сууриа сэргээн тогтоож, өөрийн байр сууриа бэхжүүлж байна.
Дэлхийн эдийн засгийн хямралтай холбогдсон бодлогын хувьд ОХУ нь энэ хямралыг дэлхийн нийт улс орнуудын хамтын хүчээр даван туулна гэсэн үзэл бодолтой байна
Комментариев нет:
Отправить комментарий