Зөвхөн Сүхбаатар аймагт 200 гаруй унтарсан галт уул бий
500 сая хүн галт уулын дэлбэрэлтэд өртөхнээ!
Исүс 2000 жилийн дараа дэлхий сөнөнө гэжээ. Гэхдээ яг хэдэн онд юм гэдгийг хэлээгүй. И.Ньютон Хуучин гэрээг судлаад 2060 онд дэлхий мөхнө гэсэн. Майя нарынхаар бол 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий үгүй болох аж. Энэ бүхэн зөн.
Харин дор болзошгүй ойрын сүйрлийн тухай өгүүлэх нь зөн биш, цуурхал, хоосон дуулиан шуугиан ч биш, шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүүд юм. Газарын хэвэлийн дорхи их процессууд эрчимжиж, илүү өрнөнгүй явагдах болсон нь тодорхой ажээ.
Ногоон гараг маань мөнх биш нь ойлгомжтой. Асар халуун болсоор, далай буцална. Үүнийг өдөөсөн нар дэлбэрснийхээ дараа унтарч бөхнө. Дэлхий ч бут үсэрнэ. Ямар ч байсан дэлхий үгүй болно. Гэхдээ тэр нь хэдэн тэрбум жилийн дараа тохионо гэдэг. Харамсалтай нь, одоо ч сөнөж болох ажээ.
Ийм юмны тухай засгийн газрууд дуугүй байхыг хичээдэг. Засгийн газар өөрөө оршихыг л юуны өмнө чухалчилдаг тул дуугүй байдаг. 60-аад онд засгийн газрууд Икар одны тухай нууцалж байсан. Гэтэл үнэндээ Икар од дэлхийг мөргөж болох л байсан. Үүнээс сэргийлж хүн төрөлхтөн юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй. Хоорондоо л уралцаж байсан. Икар од л юм хийсэн. Тэр дэлхийг мөргөлгүй өнгөрсөн.
Балар эрт цагт дэлхий гамшгаар дүүрэн байв. Далай буцлаагүй бол амьдрал үүсэхгүй байх асан гэдэг. Дэлхийг сансрын эрхэс мөргөснөөс болж, динозаврууд мөхсөн. Оготно хулгана төдийхөн амьд үлдсэн нь бидний өвөг дээдэс юм. Атлантида гэдэг тив байсан нь живж, амьд үлдэгсдийн хойчсоос нь эртний грекчүүд соёлыг нь уламжлан авсан ч гэдэг. Далайн ёроолд мөхмөл, оньсого тааварлаг янз бүрийн соёлуудын ул мөр байдаг. Ердөө 5000 жилийн өмнө ямар нэг гамшгаас болж дэлхийн тойрог зам өөрчлөгдөж, асар халуун болсон, амьдрал дүүрэн Сахарын ширэнгэ хуйхлагдаж, Сахарын цөл болсон. Ийм гамшгууд одоо болох ёсгүй юу? Хүн төрөлхтөн соёлжсон учраас тийм бүдүүлэг явдал давтагдах ёсгүй юу? Огтхон ч үгүй юм.
Аюул алга болоогүй, хүмүүс зүгээр л энэ тухай мэдэхийг хүсдэггүй. Амьтан аюулаас зугтдаг, хүн аюулын тухай мэдэхийг хүсдэггүй. Мэдэхийг хүсдэг байсан бол одоогийнх шиг аюулын өмнө гар хоосон, арчаагүй байхгүйсэн.
500 сая хүн ердөө л хэзээ ч дэлбэрч болох галт уулын бэлд сууж байна. Токио, Мехико, Жакарта, Манила, Сиэтл, Кито гээд том хотуудыг байгуулан сууж байна. Галт уулын орчим хөрс нь тариалах, суурьшихад зохимжтой байдаг юм чинь суухгүй яадаг юм бэ гэдэг. Райнир гэдэг галт уулын царцсан хайлмаг дээр 250 мянган хүн аж төрдөг. Гватемал улсын газар нутгийн 98 хувь нь галт уулын царцсан хайлмаг “дээр” оршдог. Тэр хайлмагийг цацсан явдлууд давтагдвал яах вэ? Үүнд хэн ч хариулахыг хүсдэггүй.
Орос, Япон хоёр Курилийг булаалдаж байна. Курил бол галт уулын хамгийн идэвхтэй бүсүүдийн нэг юм. Эрдэмтэд галт уулын аюулын бүсэд суурьшихаас сэрэмжлэхийг сануулж, насанд хүрээгүй хүн үзэхийг хориглосон аймшигт кино хийжээ. Уг киног хэн ч тоосонгүй. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад. Жаргал цэнгэлдээ ташууран оюуны хоосролд орсноос болж. Сиэтл хотынхныг гамшигт бэлэн бай гэхэд оршин суугчид нь хүлээж аваагүй төдийгүй, гамшигт зориулж хотын төсвөөс тусгайлан мөнгө гаргахыг эсэргүүцэн жагсчээ. Колумбид галт уул дэлбэрэх гэж байна гэж сануулахад зугтаагүй хүмүүсээс ганц шөнийн дотор 26 мянган хүн үхэж, олон арван мянган хүн гэмтэж бэртжээ.
Монгол бол галт уулын аюулын хувьд, тайвширсан газрын нэг. Эрт дээр үед энэ нутагт аймшигт үйл явдлууд болж байсны гэрч олон бий. Жишээ нь, зөвхөн Сүхбаатар аймагт 200 гаруй унтарсан галт уул байдаг. Асар өндөр дулаан, даралтаас болж чулуу нь талсжисан нутаг ч бий. Энэ бүхэн болж өнгөрчээ. Гэхдээ дэлхий нийтийн гамшгаас ямар ч орон тойрч өнгөрч чадахгүй.
Галт уулын дэлбэрэлт бүхэл бүтэн улсыг булж байвДэлхий анх тоосонцроос үүссэн. Аажмаар хайлмал чулуу болж хувирсан. Сансрын хүйтэнд өнгөн хэсэг нь царцсан. Алимны хальс шиг энэ царцмал дээр ус, хөрс, амьдрал үүсчээ. Энэ хальсан дээр л бид амьдарч байна, хальсны дор буцалж байгаа чулуу, дэлхийн төвд асар том цөмийн “реактор” байдаг. Эргэлдэх явц, төвийн татах хүч, царцах процесс дэлхийг байнга агшааж, хатсан алим шиг хорчийлгож ирлээ. Алимыг базвал зарим газраа хальс нь хагарч, шүүс нь гоожно, бүр бут үсэрнэ. Галт уул дэлбэрэх, газар хөдлөх гэдэг нь үүнтэй л холбоотой.
Царцмал чулуун давхаргын дор маш өндөр даралтад орсон хайлмал чулуу бин битүү орчинд буцалж байна, тэлж, хий ялгаруулж, бачимдаж, галзуурах дөхөж байна. Зарим газар хайлмаг нэвчин гарч ирэх нүх сүв үүссэнийг галт уул гэдэг. Гараг дээр 1500 галт уул байна. Сүүлчийн 400 жилийн турш 583 нь амьд, хэзээ ч дэлбэрч болохоор байгаа. Үүн дээр, газар хөдлөлтийг нэм. Дэлхийн чулуун давхарга хагарч, хэд хэдэн хавтан болсон. Дэлхий хорчийх тусам голцуу энэ хавтангуудын уулзвараар газар хөдөлдөг.
Хүмүүс галт уул дэлбэрвэл урсах хайлмагаас нь кинон дээр гардаг шиг зугтчихна гэж боддог. Үнэндээ бол тэр нь цөмийн дэлбэрэлттэй төстэй. Хорт бодис, чандруугаар дүүрсэн асар халуун, улаан өнгөтэй “үүл” цагт 100 км хурдтай тархаж, сэхээрэхээс нь ч өмнө хүмүүсийг хөнөөдөг.
Тэр л аюул Индонезийн Сумбава арал дээр оршиж байсан Тамборагийн хаант улсыг газартай тэгшилсэн. 1815.01.10-нд Тамбора галт уул дэлбэрч, 400 сая тонн хүхрийн хийг 43 км өндөрт цацсан. 100 шоо километр хайлмаг, чандруугаар арлыг булсан. Дэлбэрэлтийн үед 92 мянган хүн, түүний дотор хаан Абдул Метарам нас барсан. Амьд үлдсэн хүмүүсээс 100 мянга нь их халуун, өлсгөлөнгөөс болж үрэгдсэн. Багахан энэ хаант улс бүрмөсөн сөнөсөн. Үнс нурам нарыг хааснаас дэлхий даяар хүйтэрч, Европод 1816 он зунгүй жил гэгдсэн. Ургацгүйдсэн Герман, Францад олон хүн өлбөрч үхсэн. 92 мянган хүн нас барсан нь хязгаар биш юм. Зөвлөлтийн үед Ашхабадын газар хөдлөлтөөр 400 гаруй мянга, Армяны газар хөдлөлтөөр 250 гаруй мянган хүн амь үрэгдэж байсан.
1980.05.18-нд Вашингтон штатын Сент Хеленз галт уул дэлбэрчээ. Уулын хагас нь цацагдсан бөгөөд, 20 сая тротилийн энерги ялгаруулан, 6 минутад 390 ам км ойг унагажээ. Спирит нуурт 260 метр өндөр давалгаа үүсч, шинэ гамшиг нүүрлэжээ. Нуурын 5 ам км талбайг бүрхсэн мод хөвж байснаа, үндсээрээ доош живжээ. Ёроолд нь босоогоороо тогтоод, үндэс нь хурдаст дарагдсанаар яг л энд ой ургасан мэт байв. Мод аажимдаа занар, нүүрс үүсгэж эхэлжээ. Хэрэв мод живснийг мэдээгүй бол, эрдэмтэн энд ой ургаж байснаа нуурын ёроол болж гэж дүгнэх байв. Богино хугацаанд занар, нүүрс үүсдэгийг мэдээгүй бол олон мянга, магадгүй сая жилийн өмнө энд ой ургаж байснаа, газар цөмөрч, нуур үүсч гэх байв. Эрдэмтэд ингэж алддаг ажээ. Спирит нуурын явдал геологийг шинээр харахад хүргэжээ. Үнэндээ геологийн процессууд тогтсон ойлголтоос хавьгүй хурдан ахидаг байна. Цаг хугацааг нүүрсээр хэмждэг геологичдын суурь ганхжээ. Сая жилийн дараахь гэгдсэн аюул бидний хамарт тулаад ирсэн байж бүрнээ болох аж.
Энэтхэгийн далайд цунами болохыг хэн ч мэдээгүй. Далай яг л аягатай ус шиг цалгихдаа 12 орны эргийн бүсийг сүйрүүлж, 175 мянган хүний амь насыг үрэгдүүлсэн. Цунамийн сөрөг үр дагаврыг арилгахад 10 жил шаардагдана.
Тоба уул дэлбэрвэл нян ч амьд үлдэхгүй2005 оны 9-р сард Этиопод газар хөдөлсөн. Газар хөдлөлтөөр үүссэн цууралт үргэлжилсээр 100 гаруй км урт болоод байна. Энэ цуурхай Кени, Танзани, Малави, Мозамбик улсуудын нутгуудаар дайрч, Африкаас дорнод хэсгийг нь таслах ажээ. Зарим улсын нутаг хоёр хуваагдаж, зарим нь хуваагдахгүй ч Африкаас тасран одно, зарим нь живнэ.
Этиопийн галт уулаас хоёр тийш хурдтай ахиж байгаа цуурхай Адений орчмоор тэнгист хүрнэ. Чингэвээс Улаан тэнгис Африк руу цутган орж, хүн төрөлхтөний үзээгүй их үер, усан галав юүлэлт болно. Цуурхайгаар Африкаас салсан хэсэг арал болж хувирна. Өргөнөөр дунджаар 8 метр, тодорхойгүй их гүн, улам нэмэгдэж байгаа ангархай цуурхайг хүн төрөлхтөн бөглөж чадах уу? Ердөө л хүмүүс тэр тухай мэдэхийг хүсэхгүй байна. Гэвч мэдэхийг үл хүсэх хүмүүс Африкийн Эвэртэй нүүр тулах цаг удахгүй ирнэ.
Африкийн дорнод хэсгийн дор асар их даралтанд шахагдсан хайлмал магм байдаг. Сэгсэрч сэгсрээд ундааны бөглөөг авбал яадаг билээ, тэрэн шиг л дэлбэрэн гарахыг хүлээж буй магм юм. Гэтэл Африкийн цуурхай галт уул, газар хөдлөлтийн голомтыг өдөөж, сая сая жилийн дараахи гэгдсэн үйл явдлыг маргаашийн болгож магадгүйд хүрлээ. Африкийн дор асар их гамшиг нуугдаж байна. Геологийн ухааны мэдэхгүй өндөр хурдаар ангал ахисаар байна.
Мексикийн Попокатепетль галт уул дэлбэрвэл 10 мянган атомын бөмбөг дэлбэрсний дайтай юм болж, 30 гаруй сая хүнтэй Мехико хот үнс нурамд булагдана. Гэвч Мехико хот өргөжин тэлсээр байна. Идэвхжсээр байгаа Везувий сэргэвэл Неаполь хот зэрэг нутгийн 11 сая хүн үнс нурамд булагдах аюултай. Аляскийн Августин уул дэлбэрвэл нэг далайн бус, бүх далайн эргийн бүсийг живүүлэх цунами үүснэ. Газар дорхи процессууд улам л эрчимжиж, хүчжиж байгаа болохоор урьд үзэгдээгүй их далайцтай аюулууд түгшүүрийн харанга дэлдэх боллоо. Гэвч хүн төрөлхтөн энэ тухай мэдэхийг хүсэхгүй байна. Хаа нэгтэй болсон хүчтэй газар хөдлөлт бүх дэлхийд нөлөөлнө гэдгийг сонсохыг хүсэхгүй байна.
2014.03.21-нд дэлхийг сансрын эрхэс ирж мөргөх магадлалтай. Эрхэсийг 2003 онд илрүүлж, 2003QQ47 гэдэг нэр өгсөн, 1 км диаметртэй, секүндэд 35 км-ийн хурдтайгаар дэлхийг зорин ирж явна. 65 сая жилийн өмнө динозавруудыг устгасан солироос 10 дахин бага хэмжээтэй, гэхдээ нэг тивийг эгшин зуур, дэлхийн амьдралыг хэдэн жилийн дотор бараг бүхэлд нь устгах хүчтэй солир юм. Үүнийг мэдээж бид мэдэхийг хүсэхгүй, сансрыг хэн ч сонирхохгүй.
Асуудал дотроо байдаг гэдэг. Дэлхийн асуудал дэлхий дотроо байдаг. Сүпервулкан гэдэг үг танд юуг өгүүлнэ вэ. Зөвхөн үгийн тоглоом мэт санагдаж болох. Гэхдээ тоглоом биш ээ. Вулканыг галт уул гэж орчуулдаг бол сүпервулканыг галт уулуудын хаан, хэт их галт уул гэлтэй. Гэхдээ вулкан гэдэг нь газар дорх хайлмал чулууны үүсгэсэн нүх сүв юм. Конус хэлбэртэй нь уул бөгөөд, оройдоо дэлбэрэлтээс үүдэн буй болсон аварга том тогоотой байдаг. Сүпервулкан бол уул биш, тал маягтай, тогоо нь асар том хотгор, хөндийн хэлбэртэй байдаг. Хэт том болохоор нь сансраас л илрүүлэх боломжтой.
Тэгвэл индонезийн Тоба сүпервулкан дэлбэрэх гэж байна. Тоба 74 мянган жилийн өмнө дэлбэрэхдээ дэлхийн биологийн эволюцийг 2 сая жилээр ухраасан ажээ. Энэ “уул” 2004, 2005 онд “багахан” дэлбэрэлт үүсгэсэн нь их дэлбэрэлтийн оршил гэж эрдэмтэд үзэж байна. Тоба Индонезид оршдог тул хүн төрөлхтөнд “хамаагүй” нь мэдээж.
Еллоустон дэлбэрвэл дэлхий сөнөнөГэвч дээр өгүүлсэн аюулуудаас Еллоустоны аюул хамгаас ихээр түгшүүр төрүүлж байна. Хамгийн тодорхой, хамгийн ойрын аюул гэгдэж байна.
Америкийн байгалийн хамгийн үзэсгэлэнт газар бол Ваёминг, Айдахо, Монтана штатуудад хуваагдаж орших Еллоустоны үндэсний парк юм. Бизоны сүрэг, гейзер буюу халуун оргилуураараа алдартай. Тодорхой минут тутамд эндхийн гейзерүүд өндөрт ус оргилуулж, үзэсгэлэнг бүрдүүлдэг. Гэтэл усны оронд, үнс, хорт хий гаргадаг боллоо. Дэлбэрэлт болохын гарцаагүй шинж юм.
600 орчим мянган жилийн үечлэлтэйгээр Еллоустоны сүпервулкан асар их хөнөөл авчран дэлбэрч байжээ. Сүүлийн дэлбэрэлтээс нь хойш 640 мянган жил өнгөрөөд байна. Дэлхийн царцмал гадаргын дорхи хайлмагийн процесс идэвхжиж байгаа. Яг одоо ч дэлбэрч магад гэж эрдэмтэд шулуухан хэлэхээс өөр аргагүй болжээ. Еллоустоны сүүлчийн дэлбэрэлт их мөстлөгийн шалтгаан болсон гэж зарим судлаач үздэг. Гэхдээ эрдэмтдийн сулхан дууг хүмүүс сонсохгүй байна, эрдэмтэд ч судалсан л бол бидний хэрэг гүйцлээ гээд л явцгааж байна.
2002 онд Аляскад гал уул дэлбэрсэн нь Еллоустоны сүпервулканыг цочроожээ. Эндхийн 10 мянга гаруй халуун оргилуур бүгд энгийн байдлаа алдаж, олон гейзер үнс тортог цацах болсон. Ойрын үед Еллоустон хэд хэдэн “туршилтын” жижиг дэлбэрэлт “үйлдэж” магадгүй гэж судлаачид мөн сануулсан. Тэр жижиг дэлбэрэлт нь эргэн тойрны 100 миль газрыг хорт хий, чандруугаар хучиж, агаарыг амь насанд аюултай болгох магадлалтай аж. Тиймээс Еллоустоны паркад 100 миль-ээс дотогш ойртохгүй байхыг сануулах болжээ.
Сүпервулкан буюу хэт их галт “уул” асар том хонхор, хотгор, хөндий хэлбэрээр байдаг бөгөөд, уг “тогоог” кальдера гэдэг. Еллоустоны кальдера 100 км урт, 30 км өргөн юм. Хайлмаг чулуу буюу магма энд ердөө л 8 км-ийн гүнд, асар өндөр даралтын дор оршдог. Чулуу буцалж, хий ялгаруулж, тэлэх тусам энд даралт ихэссээр л байна.
Газар овойж, 60-70 хэм халж, агаарт хүхэрт устөрөгч, гелий ихэсвэл дэлбэрэлтийн өмнөх дохио болно. 60-70 хэмд хүрч халахаас бусад шинж тэмдэг илэрсэн. Халахгүйгээр ч дэлбэрч болох аж.
Хэрэв дэлбэрвэл 640 мянган жилийн турш нэмэгдсээр байсан даралтад боогдсон магма царцмаг давхаргыг агаарт хийсгэж, 50 км өндөрт хөөрнө. Дэлхийн аль ч өнцөгт мэдрэгдэх доргилт үүснэ. Цагт хэдэн зуун км-ийн хурдтайгаар, цохих долгион, улайдсан халуун, тортог, чандруу, хорт хий тархана. Эхний хэдэн минутад дэлбэрэлтийн төвийг тойрсон 1200 км-ийн радиустай газарт юу ч үлдэхгүй. Хэдхэн минутад Сан-Франциско, Лос-Анжелес, баруун эрэг тэр аяараа 1,5 м үнс нурман хунгарт булагдана. Америкийн ихэнх тариалан хэдхэн цагийн дотор устана.
3-4 цагийн дараа Еллоустоны нөлөө дэлхийн хэдэн зуун галт уулыг идэвхжүүлнэ, газрыг цочрооно, үүнээс үүдэж их гамшгууд удаа дараагаар цувран тохиолдоно. Үндсэн дэлбэрэлтээс их хөнөөлийг энэ цуврал гамшгууд авчирна. Асар их цунами дэлхийн бүх эргийн бүсийг юу ч үгүй болтол арчиж хаяна.
Их дэлбэрэлтийн маргааш хорт хүчиллэг бороо дэлхийн ургамлын бүрхэвчийн ихэнхийг устгана. Дэлбэрэлтийн дүнд хаа сайгүй озоны цоорхой үүсч, нарны цацраг туяа аюул учруулна.
Еллоустоны их үнс тортог 2-3 сарын дараа далайг туулж бусад тивд хүрснээр бүх дэлхийд нарны гэрлийг бүрмөсөн хаана, “цөмийн” өвөл эхэлнэ. Дунджаар 20 хэмээр цаг агаар хүйтэрнэ. Хойд бүсийнхэн, Финланд, Швед, Норвеги зэрэг бүхэл бүтэн улсууд тэсгим хүйтнээс болж, орших ямар ч аргагүйд хүрнэ. Сэрүүн бүсийн их хэмжээний газар нутгийг мөс хучна. Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, их хүйтрэл зэргээс болж, ихэнх зам, хоолой, цахилгаан шугам жагсаалаас гарсан байна. “Цөмийн” өвлийн хэдхэн сард, зөвхөн Энэтхэг, Хятад хоёрт 1,5 тэрбум хүн өлсгөлөн, өвчнөөр амь насаа алдана. Хүн төрөлхтөний 1/3 буюу 2 тэрбум хүн нийтдээ үхнэ. “Цөмийн” өвөл дөрвөн жил орчим үргэлжилнэ.
Судлаачид геологи, биологийн хүчин зүйлээр тооцоо гаргаснаас бус, улс төр, цэргийн хүчин зүйлийг тооцоогүй ажээ. Еллоустоны дэлбэрэлт дэлхийн дайныг биш юм аа гэхэд маш их дайн тулааныг үүсгэнэ. Далайгаас хол тул арай бага хохирох бүс нутгуудын төлөө улс гүрнүүд үхэн хатан тэмцэлдэнэ. Еллоустоны дэлбэрэлт дэлхийг олон дахин устгах чадалтай цөмийн, химийн зэрэг хөнөөлт зэвсгийн нөөцүүдийг дэлбэрэхэд хүргэвэл дайн хийх хүн үлдэхгүй болох магад.
Еллоустоны дор хэмжээлшгүй их шахагдсан хайлмаг чулуу, шахагдсан триллион триллион хорт хий байна. Бөмбөлгийг үлээгээд тавьбал юу болдог билээ. Үлээсэн бөмбөлөг шиг дэлхийн ам нь Еллоустоны парк ажээ. Хавийнх нь сая ам км талбайн царцмаг бүрхэвч нимгэн аж. Энэ бүх талбайгаар магм, хий дэлбэрэн оргилно.
1929 онд анх Еллоустоны хотгорыг хэмжжээ. Хэмжингүүтээ л овойж байгааг нь анзаарч. Өмнө нь хичнээн ч овойж ирсэн нь тодорхойгүй. 1929-1935 онд 2 мм-ээр гүдийжээ. 1946 онд 11 мм-ээр нэмж өндөрссөн байв. 1965 онд 6,5 см-аар нэмэгдсэнийг тогтоов. 1929 оноос хойш нийтдээ 74 сантиметрээр төвийгөөд байна. Процесс улам хурдассаар. Гэхдээ овойсон овойгоогүй дэлбэрч болдог.
Зарим эрдэмтэн 20 жилийн дараа овойлт дуусч дэлбэрнэ гэжээ. Тэдгээр эрдэмтэд бол цөөнх л дөө. Гэхдээ тэдний судалгааны дүн бүр аймшигтай. 20 жилийн дараа дэлхийн томоохон хэсэг өм үсрэх аж. Олон триллион тонн хайлмаг сансарт цацагдаж, зарим нь наранд залгигдана, зарим нь царцаж огторгуйд мөнхийн тэнүүлчин болж хөвөх аж. Их дэлбэрэлтийн цохих долгион дэлхийн хүн амын бараг 100 хувийг эгшин зуур үрэгдэхэд хүргэнэ. Үлдсэн хэсэг нь, хайлмал магма, ус хоёр хүрэлцсэнээс үүдэн далай тэр аяараа тэсэрч, дэлхий даяар буцалсан ус цацаж, хамгийг живүүлэхээс болж үгүй болно гэнэ. Энэ хувилбар 20 жилийн чинагшхийг өгүүлж буй тул, түрүүчийн хувилбартаа эргэж оръё л доо.
Халдварыг карантин, эмээр, солирыг цөмийн пуужингаар, осолдсон АЦС-ийг бетоноор аргалж болно. Еллоустоны дэлбэрэлт, “цөмийн” өвлийг хэрхэн аргалах вэ гэхэд эрдэмтэд ямар ч боломжгүй гэсэн ганц л хариулт өгч байна.
Одооноос нийт хүн төрөлхтөн хамтаараа энэ л асуудлыг гол болгон дэвшүүлж, нийтээрээ хичээж чармайвал хор хөнөөлийг зарим хэмжээгээр багасгаж болно гэж эрдэмтэд үзжээ. Зөвхөн үзсэн л болохоос, таниулж, ойлгуулж, тэмцэж, зүтгэж байгаа юм төдийлөн үгүй.
АНУ-ын Конгресс Еллоустоны асуудлыг нуун дарагдуулах гэж тусгай бодлоготойгоор чармайн ирсэн тухай хэвлэлүүдэд мэдээлэгдлээ. Зарим христийн шашинтан дэлхий сөнөнө, Армагеддон буюу эцсийн их дайн болно, тэгээд дараа нь үүрд мөнхийн сайн сайхан ирнэ гэж хөөрцөглөж байна. Зарим лалын шашинтан Америкийг бурхан цээрлүүлэх нь гэж баясч байна. Монголд?
Ч.Мөнхбаяр
Комментариев нет:
Отправить комментарий