Сахиул
\Хөрөг найруулал\
Хүйтэн салхи хуйрагнаж, газраас өлөн цагаан тоос босгон ам хамар руу чихэх нь ярвигтай. Шаналант хотын утаат тэнгэр харанхуйлан, түүнд нь нар бачуурах мэт бүдэгхэн ёлтойно. Оршуулгын газрын дэрний чулуунууд ярайлдан сэрийлдэж, завсар хоорондуур нь золбин ноход гүйлдэн, орой дээр нь хэрээ гуаглана. Дэр чулуунуудын ан цаваар салхи исгэрэх нь ульж байгаа ч юм шиг, уйлж байгаа ч юм шиг. Оршуулгын газрыг тойруулж барьсан хашаа энд тэндээ нурж, зарим газраа хогонд дарагджээ. Овоолсон хогны ёроолд шуудай үүрсэн тэнүүлчид бөртөгнөнө.Энэ бүхний харгалзагч нь болсон сахиулын жижигхэн сууц чимээгүй хотын дундах довцог дээр торойно. Хаалгыг нь тогшлоо. Модон хаалга чахран онгойж, үс нь өрвийсөн, ядрангуй царайтай нэгэн эр гарч ирлээ. Тэр мэндийн хариуд дуугарсангүй хэсэг гөлөрч зогссоноо дотогшоо зангав. Гэрт ороход муудсан тосны эхүүн үнэр хамар сэтэлчих дөхлөө. Өнөөх эр шороо тоосонд хутгалдаж, хувцас хунар хөглөрсөн хивсний буланд сандал тавьж өгөв. Энэхүү жижигхэн оромж нь гурван талдаа цонхтой бөгөөд том гэгчийн ханан пийшин байшинг хоёр өрөөтэй мэт харагдуулна. Адраас шавар шохой торхийн унана. Зүүн талын орон дээрх эвгүй царайтай чавганц над руу хялайж харснаа удаанаар бөгшүүлэн ханиав. Дуугардаггүй эр богшсон цай, хатсан талх авчирч өмнө тавилаа.
-Та энэ газрын сахиул мөн үү? гэж асуухад тэр толгой дохив.
... Цэндхүү "Алтан өлгий”- н сахиул болоод хоёр сар гаруй болжээ. Хувь заяаны ямархан эргүүлэгт орж энэ газар ажиллах болов? Дөнгөж дөч гаруйхан настай мөртөө царай нь харлаж, эрүү нь унжаад, чих нь дэлдийгээд, духан дээр нь гүн гэгчийн үрчлээсүүд тодорчээ. Тэрхүү үрчлээсүүд нь түүний туулсан амьдралын гүн хар ангалууд гэлтэй. Хэтэрхий цөөхөн шүдтэй ам нь хөгшин хүнийх шиг шамшигар болжээ.
Цэндхүү 1963 онд, хуучнаар нийслэлийн Найрамдлын районд төрж, тэндээ хүүхэд насаа өнгөрөөжээ. Найман хүүтэй, нэг охинтой өнөр бүлийн дөрөв дэх нь Цэндхүү юм. Цэргийн албыг 1983 онд хаав. «Тэр үед би бяр тэнхээтэй, царай зүстэй сайхан залуу санаа зовох зүйлгүй жаргалтай байж дээ» гэж түүнийг ярихад нүдэнд нь буй гунигийн манан улам ч өтгөрөх шиг. Одоо түүнд эв хавгүй данхар толгой, хатингар цээж, судас нь хөхөрсөн ясархаг том гарнаас өөр юм үлдсэнгүй.
Цэргээс халагдсаны дараа нийслэлийн төмөр замд цахилгаанчин болж очлоо. Тэндээ эхнэр авч гэр бүл болоод 1996 оныг хүртэл «хоёр идэж хоосон хонохгүй» жирийн ажилчны ёсоор аж төрөв. Техникт олон талаар ур дүйтэй Цэндхүү 1996 оноос эхлэн Багануурын нүүрсний уурхайд механикчаар ажиллав. Гэвч түүний амьдралд хар өдөр ул мөрөө үлдээх ёстой байж. Унаж явсан машинтайгаа онхолдож хоёр өдөр ухаангүй хэвтсэний хойно амьтай голтой төдий түүнийг олж эмнэлэгт хүргэжээ. Эмч нар түүнд тархины хүнд гэмтэлтэй, цахилгаан менингэт гэдэг өвчин туссан гэсэн онош тавьсан байна. Ажлаа хийх чадваргүй болсон тэрээр тахир дутуугийн тэтгэмж тогтоолгож, түлээ, нүүрс шуудайлан зарж, ар гэрээ тэжээх аядан хатуу хорвоогийн гачлант өдрүүдийг элээж эхлэх нь тэр.
Харин саяхнаас “Улаанбаатар буян” компанийн шарил чандарлах төвд ажилладаг дүүгийнхээ зөвлөснөөр энэхүү сахиулын ажлыг олж авчээ. Одоо Цэндхүү уртаараа 5 м, өргөнөөрөө 4 метрийн «засгийн байранд» эхнэр, хадам ээж, ач охины хамт амьдарч байна. Түүний ажил бол арга нь барагдсан хүний хийдэг ажил биш. Ялгаа байхгүй улсын алба. Оршуулгын газрын сахиулын ажилд биеийн хүч шаардагдахгүй. Хашааны хаалга хааж, Алтан өлгийд ч юмуу, Цагаан даваанд хүмүүст газар зааж өгөхөд юуных нь хөлс урсах. Харин хорьдугаар зуунд амьдарч асан монголын ихэс дээдэс, алдартан гавьяатны шарилыг хамгаалах үүрэгтэй энэ хүний ажил сэтгэлийн тэнхээ шаардана. Тэр хөдөөлүүлэгчдийн уй гашуу, хагацал нулимсыг хуваалцахын зэрэгцээ заримынх нь гомдол бухимдал, доромжлолыг өөр дээрээ хүлээх хэрэг гарна. Сахиулын сэтгэлд юу болж байгааг ойлгох нь ч бий, ойлгохгүй нь ч бий. Нэгэнтээ нэгэн генералыг хөдөөлүүлэхээр бэлдсэн нүхэнд үлдээсэн цай тамхийг шөнө нь хэн нэгэн хулгайлсныг Цэндхүү мэдсэнгүй. Өглөө ар гэрийнхэн нь ирж уй гашуугийнхаа хажуугаар уур омгийг үзүүлэв. Түүнд зэмлэлийг дуугүй хүлээхээс өөр арга байгаагүй нь мэдээж. Энэ мэтээр Цэндхүүд нэг шөнө байтугай талийгаачдад мөнх нойрсох боломж олгодоггүй явдлууд цөөнгүй. Алтан өлгийтэй хаяа нийлүүлж хашаа хатгасан айлууд эргэн тойронд хогоо овоолно. Зарим хүн булш бунханы төмрийг хулгайлах гэж оролдоно. Үүнээс гадна Цэндхүү нэг явдлын тухай халаглан ярьсан юм. Цэндхүүгээс өмнө сахиул байсан нэг архичин хүүхэн хэдэн хүн цуглуулж наргиж хоносны маргааш С.Зориг агсны цээж баримал толгойгүй болсон байв. Бодвол аль нэг захын металлын ченжийн гарт ороо байлгүй. Энэ бүхэн Цэндхүүд өөрийгөө ёрын сүнснүүд дунд амьдарч буй мэт айдас төрүүлэх аж. Оршуулах ёслол болох үед тэр байшингаас толгойгоо цухуйлгадаггүй . Гэвч хэн нэгнээ шороонд булж буй хүмүүсийн уй гашууг өөрийн эрхгүй мэдэрч байгаагаас хойш энэ нь хүмүүний зовлонгоос нүүрээ буруулах гэсэндээ өөрийгөө хуурсан хэрэг юм.
Энэ бүх дүр зургийн дэргэд Цэндхүү үхэл зовлонд дассан, хөшүүн хүйтэн сэтгэлтэй нэгэн болсонгүй. Түүнд сэтгэлийнх нь гүн дэх зовлон багадаагүй. Алхам тутамдаа тэр «Хүүрийн газрын сахиул» гэсэн хүмүүсийн жихүүдэс хүрмээр хандлагатай тулгардаг. Тэрээр хэдхэн жилийн өмнө нас нөгчсөн аавыгаа ихэд санагалздаг. Ханан дээр нь маршал Х.Чойбалсангийн зураг өлгөөтэй харагдав. Утаанд идэгдсэн тэрхүү гэрэл зураг аавынх нь болоод Цэндхүүгийн хувьд бурхан тахилаас нь ч илүү шүтээн ажээ. Лам байсан Цэндхүүгийн эцэг 1930-аад оны хар сүүдэрт өртөн буудуулах ял сонссон байна. Харин Чойбалсан цаазыг хорин таван жилийн хорих ял болгожээ. «Хэрэв энэ энгэр дүүрэн одон тэмдэгтэй хүн аавын минь амийг авраагүй бол өдийд би чамтай ингээд яриад сууж байж чадахгүй байх байсан» гэж хэлээд зургийг хэсэг зуур ширтэв.
Цэндхүүд шүтдэг зүйлийн хажуугаар бас чаддаг зүйл бий. Тэр талийгаачдын өлмийг түшин өдөр хоногийг өнгөрөөж суухдаа зоос татаж, мэргэ төлөг тавина. «Цэндээ би хэзээ ажил хайвал олдох бол?» гэж нэг авгай асуув. Мэргэлэхдээ тэрээр хадаг дэлгэж, зоосоо алган дээрээ тараагаад удаан ажиглана. Дараа нь «үйлчлүүлэгч»-дээ яах ёстойг нь зөвлөөд арц, рашаан өгнө. Гэхдээ үүнийхээ төлөө хөлс нэхдэггүй. Сарын ерөн мянган төгрөгийн цалингаараа амьжиргаагаа аргацаана. Хүн мөнгөний боол болсон өнөө үед түүнд шуналын сэтгэл, элдэв муу зуршил байхгүй. Байдаггүй муу зуршлууд гэдэгт архи, тамхи орно. Архи уудаггүй ховорхон гэрийн эзний тоонд түүнийг багтаавал зохино. Харин эхнэр хадам ээж хоёр нь муу байшингаа Цэндхүүтэй нь хамт утаж орхино. Утаан дунд тэр мэргэ төлгө тавьж, Солонгосын олон ангит киногоо үзэж, хааяа хоол ундаа бэлтгэнэ. Бурхан түүнд сайхан сэтгэл заяасан ч сайхан амьдрал заяасангүй. Гэвч тэр гутардаггүй. Хүн гэдэг газраас ургаад, газартаа шингэдгээс хойш баян ядуу, алдар нэртэй, эгэл жирийн байхын ялгаа байхгүй гэж бодох болжээ. Үхэлд сайхан, муухай гэж байхгүй. Үүнийг батлах мэт нэгэн үе нэр алдраа дуурсгаж яваад одоо мартахуйн буданд далдарч буй хүмүүсийн булш бунхан чимээгүйхэн дүнсийнэ. Харин үхсэн ч, амьдарсан ч сэтгэлээрээ цэвэр тунгалаг байх ёстойг тэр мэддэг.
Орой болж Цэндхүү ажилдаа гарах болов. Асгасан хогийг зайлуулж Алтан өлгийг нэг шөнө ч атугай тайван байлгах хэрэгтэй. Маргааш ээлжит гашуудлын цуваа ирнэ.
Үлмэдэх \2008 он\
Комментариев нет:
Отправить комментарий