суббота, 9 октября 2010 г.

МОНГОЛЧУУД БА ФИЛАНТРОП СЭТГЭЛГЭЭ


Филантроп /philantropy/ хэмээх үгийг англи хэлний тайлбар толиос үзвэл хэрэгцээ бүхий хэн нэгэнд нь мөнгө болон тусламж үзүүлэх явдал гэсэн тайлбарыг олж харна. Уг тайлбар нь прагматик үзэлт америкчуудын хувьд яг тохирсон хариулт юм. Гэвч хүн төрөлхтний хувьд тухайн ойлголт нь илүү өргөн хүрээнд буюу аливаа  буянт нинжин сэтгэлийн үүднээс хэн нэгнийг тусалж дэмжих үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг. Монгол хэлэн дээр хөрвүүлбэл “буянт үйлс”, “хүнлэг үзэл” гэсэн утга авах хэдий ч филантроп хэмээх ухагдахуунаа бүрэн төлөөлж чадахгүй тул  энэ хэвээр нь хэрэглэх нь зөв биз.
Харин Монголчуудын хувьд заяамал филантроп сэтгэлтнүүд болохыг хангалттай жишээгээр дурьдаж болно. Мал аж ахуйн хэвшил, эрс тэс уур амьсгал түүнд зохицсон билчээр дагасан нүүдэлчин аж амьдрал, том газар нутагт тархай бутархай цөөн хүн ам бүхий угсаатны хувьд амьдралын унаган нөхцөл нь аяндаа филантропч /philantropist  - өгөөмөр үйлстэн/ болоход түлхэж байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн гамшиг, зуд турхан, ган, үер ус, түймэр, хүн малын халдварт өвчин зэргээс шалтгаалж хэзээ ч учирч болох өлсгөлөн, өвчин зовлон, хүн хүчгүйдлээс аваад амьдрал амьжиргааны ямар ч эх үндэсгүй болох хүнд бэрхшээл зовлон эсвэл байгаль дэлхий ивээж, хүн мал тарган цатгалан, элбэг хангалуун үедээ сүү, тараг, айраг, архи, мах мэтийн малын гаралтай бүтээгдэхүүнээр өрх бүлээ төдийгүй өрөөл бусад, зочин гийчид, явуулын хүмүүсийг элбэг дайлах боломж бүрдэх хувирамтгай амьдралын нөхцөл байдал нь монголчуудыг “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг”, “аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэсэн прагматик филантроп зан үйлтэн болоход нөлөөлжээ. Ёстой  л сайндаа биш амьдралын шаардлагаар гэгчээр нүүдэлчин ахуй хэвшил ийм “ариун сэтгэлтэн” болоход хүргэсэн гэж үзэж болох нь.

Уг сэтгэлгээний хэв маяг өдгөө ч хадгалагдан үлдсэн бөгөөд хөдөөгийн хүмүүсийн / хотын зарим хүмүүсийн хувьд ч тэр/ зочломтгой, найрсаг, тусч зан чанар нүүдэлчин соёлтой нь гүн бат хэлхээ холбоотойн илэрхийлэл болохыг нүүдэлчдийн соёл, ахуй амьдралын талаар монголоор хөндлөн гулд аялсан өрнөдийн жуулчид болон түүхч, монгол судлаачдын бичсэн ном сударт олноор дурьдан өгүүлсэн байдаг.

XX зуунд тусгаар тогтносон Монгол улсаа тунхагласнаас эхлээд монгол орноо өрнөдийн соёл иргэншил эргэлт буцалтгүй “нэвтрэн шингэж”, филантроп сэтгэлгээ ч европжин 8 настайгаас 80 настай чавганц хүртэл бүгд хот орчноо цэвэрлэх, ургахгүй ч гэсэн мод бут, цэцэг ногоо тарих бүр барилга байшин барих ажлыг бүх нийтийн субботникоор хийж, тариа будаа, өвс ногоо тарих, хураах оюутан залуучуудын “хавар, намрын ажил”, байгалийн бэрхшээл, мал төлөлт, өвөлжөө хаваржаа, худаг ус гаргах зэрэгт лаа шүдэнз, нэмнээ, төлийн уут зэрэг материаллаг тусламж дэмжлэг бүр биечлэн урт хугацаагаар хөдөө ажиллаж амьдрах тэвчээрээ шалгасан “илгээлтийн эзэн”-ээр одож “Социализмын материал техникийн бааз”-ыг байгуулах гэгээн үйлст гар бие оролцох замаар филантроп зан үйл нилээд иргэншиж, хотжсон шинжтэй, зохион байгуулалт албадлагын хувьд ч өндөр түвшинд хүрсэн байна. Ийнхүү албадлагын шинжтэй, төрөөс зохион байгуулалттай хүчтэй ухуулгын дор үйлдэж байсан сайнд дурын гэх ажлууд нь филантропийн мөн чанарыг агуулаагүй байгаад зогсохгүй өмнө үеийн филантроп сэтгэлгээг эвдээд хаях нь тэр.

1990 оноос өрнөсөн тогтолцооны өөрчлөлт, нийгмийн бүх хүрээг хамарсан хувьсгал филантроп сэтгэлгээний өмнөх нөхцлийг шахаж өөрчилсөн төдийгүй сэтгэлгээ ч орвонгоороо солигдсон бөгөөд харамсалтай нь филантроп өргөжин тэлэх бус улам хүрээгээ хумиж, зах зээлийн сэтгэлгээ буюу муугаар хэлэхэд “өөрөө ядаж байж юун бусдыг бодох”, арай зөөлрүүлэн эерүүлэхэд “эхлээд өөрийгөө бодож довоо шарлуулаад дараа нь бусад руу хар” гэсэн логик зүй тогтол хатуу үйлчилж эхэлсэн юм. Иймд шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож, өөр өөрсдийнхөө амьдралыг сайжруулж, цаашлаад улс орных нь хөгжил дэвшилд тус  дэм болоосой гэсэн ардчилсан хөгжингүй улс орнуудын филантроп сэтгэлгээний хувь, үр нөлөөг өнгөрсөн 10 гаруй жилд бишгүй хүртэж одоо ч ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээл тусламж, НҮБ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Японы “Жайка“, Азийн сан, Дэлхийн зөн, “Хүүхдийг ивээх сан” зэрэг байгууллагуудын төрөл бүрийн төслүүд эцэст  нь “Мянганы сорилтын сан”-гийн (эдгээр байгууллагуудын зарим нь л филантроп үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлдэг болохыг сануулах нь илүүц биз) ивээл халамжийг хүртэх “нүүдэлчдийн” хувь зохиол дуусаагүй л байна.

  Гэтэл өнгөрсөн хугацаанд монголчуудын филантроп сэтгэлгээ зах зээлийн шуурганд нилээд уруудаж, өрөөл бусдад туслах бүү хэл өөрийгөө авч явахад бэрх нөхцлүүд тулж, бүх зүйлийг “зоосны нүх”-ээр харахад хүрсэн, дээр нь угаас нүүдэлчдийн нуугдмал “хариу харсан” аминч филантроп үзэлтэй зах зээлийн вульгар прагматик сэтгэлгээ холилдон сүлэлдсний үр нөлөө байсныг нуух хэрэггүй.

Хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлс, нийтлэг зүй тогтол руу эргэн орохдоо түүний сул дутагдалтай талууд (сул тал буйг үгүйсгэх аргагүй) ба хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нээлттэй цаашлаад филантропч сэтгэлгээг ч давхар шингээж хөгжил дэвшил рүү одох ёстойг жам ёс хийгээд гүн ухаан бидэнд анхааруулж байна. Сайн дурын үндсэн дээр сэтгэлийнхээ угаас мөнгө төгрөг, эд материал, боловсрол мэдлэг, хөдөлмөр, цаг хугацаа зэрэг янз бүрийн хэлбэрээр бусдад дэм тус үзүүлэх явдал орчин үеийн “жинхэнэ” филантроп сэтгэлгээний үндэс суурь, онцлог байдгийг ардчилсан, хүмүүнлэг, хөгжингүй улс орнууд дахь хүн амын дунд өргөн хүрээг хамарсан филантроп үйл ажиллагаа хэвшмэл сэтгэлгээ (стереотип) болтлоо өндөр түвшинд өргөжснөөс харж болно. Баруунд баян цатгалнаараа төдийгүй филантроп үйлсээрээ домог болсон аж үйлдвэржсэн нийгмийн анхны том төлөөлөгч “Стандарт Ойл” компаний үндэслэгч Жон Д.Рокфеллерээс аваад өнөөгийн мэдээлэлжсэн нийгмийг үндэслэгчийн нэг “Майкрософт” компаний эзэн Билл Гейтс хүртэл филантроп сэтгэлгээ нь дэндсэн хүмүүс үлгэр жишээ болгоод байдаг америкт үйл олноороо байсан, байсаар ч байгааг хүн төрөлхтөн мэднэ. Хамгийн сүүлд гэхэд Билл Гейтс африк дахь чичиргээ өвчнийг эмчлэхэд нэг тэрбум ам доллар олгож байгаа “аазгай хөдөлгөсөн” /учир нь манай улсын нэг жилд бүтээн бий болгодог бүтээгдэхүүн буюу өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд манай улсын авсан зээл тусламжийн хэмжээтэй тэнцэнэ/ жишээ нэгийг бодогдуулна.

Уг өгүүллийг бичсний шалтгаан нь дэлхий даяар филантроп өдрийг тухайлан тэмдэглэдэг сар тохиож байгаагаас гадна гол нь хөл гар дээрээ нэгэнт бат зогсож /яаж зогссон нь одоо хамаа алга/, хурдан морь, мисс хүүхэн, хүчит бөх, чулуун хөөрөг, үнэтэй машинд үнэ хөлс үл хайрлан өөр хоорондоо уралдаж байгаа манай бизнесмэн, улс төрч, хувь хүмүүс хийгээд байгууллага компаниуд филантроп үйлсээрээ өрсөлдөж, филантроп үйлст гар бие оролцож нийгмийн хөгжил дэвшлийн үзүүлэлтийг нэг алхмаар дээшлүүлэхэд  хувь нэмрээ оруулан “цээжний өвчнөө” дардаг нийтлэг жишиг үйлчилж байдаг шинэ цаг ирж байгааг сануулж нэгийг бус нилээдийг бодоход зориулав.

Дашрамд дурьдахад дэлхий дахинаа филантроп өдрийг 11 сарын 15-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.                

“Монголын филантропчид маш олон болтугай”.       2006 он

Комментариев нет:

Отправить комментарий